Монгол эрчүүдийн дундаж өндөр 100 жилд 10 см-ээр нэмэгджээ



Лондоны Эзэн хааны коллеж тэргүүтэй эрдэм, шинжилгээний байгууллагуудын хамтарсан судалгаагаар 1914-2014 оны хооронд дэлхийн 200 гаруй орны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж өндрийг харьцуулжээ.

Энэ хугацаанд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд болон Ираны эрчүүдийн дундаж өндөр хамгийн ихээр нэмэгдсэн байна. Тодруулбал Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийн дундаж өндөр 20 см, Иран эрчүүдийн дундаж өндөр 16,5 см-ээр нэмэгджээ.

Өмнөд Африкийн эрчүүдийн дундаж өндөр бүтэн зуун жилийн дараа дөнгөж 1,4 см-ээр өсжээ

Судалгааны үр дүнд Шведчүүд 1914 онд дэлхийд дундаж өндрөөрөө тэргүүлж байсан бол 2014 онд Нидерландын эрчүүд/182,5 см/, Латвийн эмэгтэйчүүд/169,8 см/ дэлхийд дундаж өндрөөрөө тэргүүлж байна.

Лондоны Эзэн хааны коллежийн судлаач Жеймс Бентам “Хувь хүний биеийн өндөр нь түүний гентэй шууд холбоотой байдаг. Харин тухайн хүний амьдарч буй улс орны хувьд авч үзэх юм бол генийн нөлөө тун бага болно. Учир нь нэг л орчин нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн биеийн өндөр хүнс тэжээлтэй холбоотой” гэжээ.

Монголчуудын хувьд 1914 онд эрчүүдийн дундаж өндөр 159,1 см байсан бол эмэгтэйчүүдийн дундаж өндөр 147,9 см байсан аж. Харин 100 жилийн дараа дундаж өндөр 10-10,3 см-ээр нэмэгдэж эрчүүдийн дундаж өндөр 169,1 см, эмэгтэйчүүдийн дундаж өндөр 158,2 см болжээ.

Дэлхий даяар дундаж өндөр огцом өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч Өмнөд Африкийн хувьд асуудал эсрэгээрээ байна. Өмнөд Африкийн эрчүүдийн дундаж өндөр бүтэн зуун жилийн дараа дөнгөж 1,4 см-ээр өсжээ. Үүний шалтгааныг судлаачид хүнс тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлаж байна.