Онлайн бизнес эхлүүлэхийн тулд хийх хэрэгтэй 7 зүйлс



 "Таныг над шиг азтай, урагштай байна гэдэгт би найдаж байна. Дэлхий ертөнцөд шинийг санаачлагчид, агуу хүмүүс хэрэгтэй. Та тэдний нэг болж болно. Хэрэв та хийж байгаа зүйлдээ дуртай, сонирхолтой бөгөөд хэрэгтэй бүхнийг хийж эхлэхэд бэлэн гэдэгт итгэж байвал, тэр зүйл чинь биелэх боломжтой. Хийж бүтээх гэсэн зүйлээ бодон өнгөрүүлсэн шөнийн хором бүр чинь жирийн нэгэн өдрөөс ч үнэтэй байна, амлая" хэмээн Apple-ийг үүсгэн байгуулагчдын нэг Cтив Возниак хэлжээ.

Технологи болон интернетийн орчин хөгжихийн хирээр хувийн бизнес эхлүүлэхэд улам л хялбар болсоор байна. Өмнө нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, олонд таниулахын тулд зар сурталчилгаа, зурагт хуудас гээд л ихээхэн төсөв, мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг байсан бол өнөөдөр интернет орчинд мэдээллийг хурдан бөгөөд хялбар түгээх боломжтой болсны ачаар энэ нь тийм ч хэцүү биш болоод байна. Жишээлбэл сайн контент хийн, Фэйсбүүкд boost хийн хямд зардлаар үр дүнтэй сурталчилгаа хийх, гүүглд вэб сайтаа дээгүүр харагдуулах, вэб сайтыг код бичихгүйгээр хийх зэрэг хялбар шийдлүүд бий болжээ.  

Интернетэд хүмүүс цагийг ихээр өнгөрөөх болсон тул хүссэн хүсээгүй онлайн бизнес цаашид улам хөгжих хандлагатай байна. Интернет гэхээр л нэг онцгой зүйл, хийхэд хэцүү, хол юм шиг магадгүй санагддаг байх, гэтэл үндсэн зарчим нь энгийн бизнестэй адил, гол ялгаа нь олонд амархан түгээх боломжтойгоороо л ялгаатай байдаг. Үүнд онлайн бизнесийн давуу тал оршдог. 

Ихэнх хүмүүс онлайн бизнесээс хэрхэн мөнгө олох вэ? хэмээн буруу асуулт тавьдаг. Угаас мөнгө хийхийн тулд л бизнес хийнэ гэдэг бол буруу хандлага л даа. Зөв асуулт бол миний хийсэн контентууд бусдад хэрхэн туслах вэ? Тэдэнд ямар үнэ цэнийг хүргэх вэ? Надаас тэдний асуудлыг нь шийдэх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах тэр хүмүүсийг хэрхэн бий болгох вэ? гэвэл зөв болох юм.  

Тэгэхээр эхний ээлжинд харилцагчид болох тэр хүмүүстээ чин сэтгэлээс тусал, тэдэнд ямар асуудал байна? Юу хэрэгтэй байна? Асуудлыг нь шийдэхэд тусал. Түүний дараа мөнгөний тухай бод. Нэгэнт таны вэб сайтад ихээхэн урсгал бий болсон бол тэдний сонирхсон бүтээгдэхүүнийг санал болгоход хэзээ ч оройтохгүй. 

Онлайн бизнесээс мөнгө хийх 7 арга 

1. Хүмүүсийн чадварыг нэмэгдүүлэхэд туслах тэр зүйлийг санал болго. Магадгүй та эрүүл хооллолтоор дагнасан тогооч байж болно. Хийдэг хоолныхоо тухай цахим ном, видео хичээлийг хийж түгээж болно. 

2. Хэн нэгний асуудлыг шийдэх бүтээгдэхүүн борлуулах. Яагаад интернет дэлгүүр байгуулж болохгүй гэж? 
 

3. Эвент зохион байгуул. Хүмүүст хэрэгтэй, туслах асуудлаар уулзалт, семинар яагаад зохион байгуулж болохгүй гэж? 
 

4. Зөвлөх үйлчилгээ. Бусдад тустай, мэдэхийн тулд танд мөнгө төлж болох ямар нэг мэдлэг танд байна уу? Хэрэв та тэдэнд үнэ цэнэ өгөх зүйлсийг өгч чадах бол тэд танд хандах болно. 
 

5. Таны вэб сайт уруу ирэх олны урсгал бий болсон бол бусад бизнес эрхлэгчид танай сайтад сурталчилгаагаа байрлуулахыг хүсэх болно. 
 

6. Бусад газруудтай хамтарч ажиллаж болно. Жишээ нь: Хэрэв та вэб хостингийн үйлчилгээ ямар нэг газраас авдаг бөгөөд хэрэв таны вэб сайт дахь линкээр бусад хүмүүс орж хостингийн үйлчилгээ авбал хостингийн үйлчилгээ үзүүлэгч компаниас тодорхой төлбөр авах байдлаар хамтарч ажиллаж болно. 

7. Эдгээрийн аль нэгийг амжилттай хэрэгжүүлбэл нэг зүйлээс хамаарахгүйгээр бусад боломжит орлогын урсгалыг бий болгож болно. 

Бид яагаад хийхгүй байна вэ? 

1. Хэрхэн, юунаас эхлүүлэхээ мэддэггүй, интернет орчинд ажиллах хэцүү гэж боддог. 

2. Зардал их орно гэж боддог.

3. Тохиромжтой нөхцөл байдал бий болохыг хүлээдэг. Хүлээхийн оронд яагаад тэр нөхцөл байдлыг бий болгохын төлөө зүтгэж болохгүй гэж? Хүн мэдэхгүй зүйлээ хэцүү гэж боддог, гэвч судлаад цаг, заваа зарцуулаад ирэхээр тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох болно. 

Онлайн бизнес эхлүүлэхийн тулд хийх хэрэгтэй 7 зүйлс

1. Хүмүүст ямар асуудал байна түүнд шийдэл бүхий санаа олох.

2. Компанийн нэрээ бодож олоод уг нэрээр домэйн авах. Датакомоос домэйн авахад 60,000 төгрөг байдаг. 

3. Вэб сайт хийлгэх, эсвэл өөрөө хийх /код шаардахгүйгээр бэлэн загвар ашиглаад вэб сайт хийх боломжтой сайтууд байдаг/. 

4. Хостингийн үйлчилгээ авах, байршуулах контентийн хэмжээнээс хамаараад сарын 20,000-80,000 төгрөг. 

5. Харилцагчид болох хүмүүсийн асуудалд хариу өгөх, тэдэнд тустай блог бичих, контент хийх. Блог нь вэб сайттайгаа холбоотой байвал зүгээр байдаг. 

6. Фэйсбүк, болон твитер хуудас нээх. Фэйсбүкээр Boost буюу төлбөртэйгөөр сурталчилгаа хийж сурах.

7. Hootsuite, mailchimp, google analytics, google adwords зэргийг үр дүнтэй ашиглаж сурах.

Эдгээрийг судалснаар сурталчилгааны үр дүнд анализ хийх, төлбөртэйгөөр гүүглийн хайлтад өртөх, харилцагчид болон өрсөлдөгчид тань юу ярьж байгааг мониторинг хийх, танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан худалдан авагч болох магадлалтай харилцагчдад бодлоготойгоор и-мэйл хүргэх зэргийг хэрэгжүүлэх чадваруудтай болно. Нэгэнт энэ бүхнийг эхлүүлэхэд хэцүү биш юм бол бидэнд юу хийх үлдэж байна вэ?Гайхалтай санаа /хүмүүст ямар асуудал тулгарч байна тэр бүгдийн ард гайхалтай санаа байдаг/-гаа олоод мөрөөдлийнхөө төлөө зүтгэх л үлдэж байна. Үүнд цаг их орох болно, хагас нойртой хононо, заримдаа болимоор санагдах болно, гэхдээ л та хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхээр биш өөрийн мөрөөдлийн төлөө ажиллах болохоор ажилдаа дурлах болно, өөрийн хүслээр 6 цагаас хойш ажил дээрээ суух болно, орой унтахдаа маргаашийн өдрийг тэсэж ядан хүлээх болно.  

Эх сурвалж: http://www.compasso.mn/#!??????-??????-???????????-????-????-????????-7-?????/mhqg1/5747ccec0cf2f0aa223823ec